“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Монголын аялал жуулчлалыг сурталчилах зорилгоор "Монгол Орон Бидний Дуранд" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээж байна.
Энэхүү үзэсгэлэнг “Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголын шилдэг гэрэл зурагчид Д.Октябрь, Б.Баяр, С.Нацагдорж Г.Ган-Өлзий, Б.Эрдэнэбулган Г.Батсүх зэрэг нийгэмлэгийн 20 гаруй гэрэл зурагчдын жилийн дөрвөн улиралд эх орныхоо өнцөг булан бүрт авсан Монголын өвөрмөц ахуй соёл, говь хангай талын нуугдмал үзэсгэлэнг шингээсэн 37 бүтээл тавигдлаа.
Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг нь үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа ба Дубай, Австрали, Польш орнуудад үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд сарын дараа АНУ-д үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байна. Мөн Монголын байгалийн шилдэг гэрэл зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.