УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2023 оны аравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан байдаг.
Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр Засгийн газрын гишүүнээр томилогдсон тул Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн гэв. Иймд Улсын Их Хурал дахь олонхын бүлэг Д.Цогтбаатар гишүүнийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн.
1994-2000 оны хооронд Гадаад хэргийн яаманд ажилласан. 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 оноос Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр 2016, 2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2016-2023 онд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажилласан байна. Одоо Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга бөгөөд орос, англи, герман, кхмер хэлтэй хэмээн танилцуулав.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс парламентын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр гурван удаа ажилласан, олон улсын эрх зүйч мэргэжилтэй Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа.
Дээрх санал болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, нэр дэвшигчид хандан хүүхдийн эрхийн зөрчилд оногдуулах ялын бодлогыг судалгаа, шинжилгээ, олон улсын сайн туршлагад үндэслэн нухацтай хэлэлцэх, Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг болох саналыг хэлж, эдгээр саналын талаарх Д.Цогтбаатар гишүүний байр суурийг нь тодруулав.
Хүний эрхийн асуудал бол нийгмийн анхаарлын төвд байх ёстой, ноцтой нөхцөл үүссэнээр нийтээрээ хүүхдийн эрхийн зөрчлийн асуудалд анхаарал хандуулж байгааг тэрбээр хэлэв. Гэр бүлийн хүчирхийллийн эхний хохирогч нь хүүхэд байдаг бөгөөд үүнд хувь гишүүний зүгээс анхаарал хандуулж, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа дурдлаа. Хүүхдийн эрхийн зөрчилд оногдуулах ялын бодлогыг чангаруулснаар асуудал шийдэгдэхгүй гэдэг Ц.Мөнхцэцэг гишүүний байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Өргөн хүрээний судалгаа хийж, олон асуудлын давхцал дээр үүнийг шийднэ. Зөвхөн ялын бодлогыг чангатгах нь шийдэл болохгүй. Хүнд асуудалд хялбар шийдэл гаргах гээд байгаа нь боломжгүй. Асуудлыг шийдэхийн тулд цогц судалгаа, шинжилгээ хийж, системтэй хандах ёстой гэж үзэж байна” гэв. Ц.Мөнхцэцэг гишүүний гаргасан Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмжиж ажиллах ч Улсын Их Хурал шийдвэр гаргана гэдэг байр суурийг илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв. Тэрбээр Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагаатай холбоотой саналуудыг хэлж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороогоор хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд хүний эрхийн мэдрэмжтэй ажиллана хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 12 гишүүн санал нэгтэйгээр Д.Цогтбаатар гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.