Иргэн та гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлуулах бол сайтар нягтлан үйлчлүүлэхийг зөвлөж байна
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгодог.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд зуучлагч хуульд зааснаас бусад төлбөр, хураамж, дэнчин, барьцаа болон хүлээн авагч тал хариуцах зардлыг аливаа хэлбэрээр зуучлуулагчаас авахгүй байх, 18 наснаас доош насны хүүхэд ажилд зуучлахгүй байх, гадаад улсын эрх бүхий байгууллагатай ажилд зуучлах хууль ёсны гэрээ байгуулсан байх зэрэг зохицуулалтыг тусгасан.
Иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлүүлэх нэрийдлээр хууран мэхлэх, залилах асуудал цөөнгүй гарч байгаа тул иргэн та гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлуулах тохиолдолд аливаа залилан, гэмт хэргээс урьдчилан сэргийлж холбогдох хууль, дүрэм, журамтай сайтар танилцаж, зуучилж буй хуулийн этгээд тус яамнаас тусгай зөвшөөрөл авсан эсэхийг нягтлан үйлчилгээ авахыг зөвлөж байна.
Эх сурвалж: ХНХЯ