Хүүхдийг зодох, хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, архидан согтуурах зэрэг 21 зөрчил бүртгэгджээ
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2023 оны эхний хагас жилийн байдлаар харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг судалж, холбогдох арга хэмжээг авчээ.
Дээрх хугацаанд тус прокурорын газрын хяналтад хүүхдийг зодох, хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, архидан согтуурах зэрэг 21 зөрчил шалгагдаж, зөрчил үйлдсэн 8 хүнийг албадан сургалтад хамруулж, баривчилсан бол 13 хүнд торгох шийтгэл оногдуулсан байна.
Үүнээс зөрчил үйлдсэн субъектийг судалж үзвэл, гэр бүлийн хамаарал бүхий 17, багш сурган хүмүүжүүлэгч 1, эцэг эхийн ойр дотно, танил 2 хүн хүүхдийн эрхийг зөрчсөн байжээ.
Судалгаагаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хүүхдийн эрхийг зөрчих зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулга, 1, 4 дүгээр багт прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
Мөн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн 200 орчим сурагчдад хүүхдийн эрхийн талаар мэдээлэл өгч, цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.