Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ноос 13-ны өдрүүдэд 33.166 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 369 хэргийг хүргүүлж, Зөрчлийн тухай хууль зөрчсөн давхардсан тоогоор 79.770 хүн, хуулийн этгээдэд торгох, 699 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, танхайрах, жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасан 496 этгээдийг баривчлуулах саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн.
Шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн хэргийг төрлөөр нь ангилж үзвэл:
Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 138, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 172, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 21, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 14, бусад 6 хэрэг байна.
Тухайлбал, Иргэн “М”-ийн эзэмшлийн өвлийн сууцанд Оросын Холбооны Улсын иргэн “И” гэгч нэвтэрч, 1.473.700 төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлийг хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийг,
Энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44 настай, эрэгтэй “Б” хутгалуулж амь насаа алдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хэргийг,
Мөн энэ оны 08 дүгээр сарын 31-ний өдөр Хэнтий аймагт 33 настай, эрэгтэй “Э” гэгч насанд хүрээгүй дагавар охиноо хүчиндэхийг завдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргүүдийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай, прокурорт хүргүүлсэн байна.
Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хяналтын камер байрлуулж, зөвшөөрөлгүй дуу-дүрсний бичлэг хийсэн гэх үйлдэлд сургуулийн захирал “О”-д Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны “Хөтөл”-ийн замд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэн “Б” нь өндрийн хязгаарыг давсан ачаатай “Howo” маркийн том оврын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо 4 ширхэг гэрлийн шон мөргөж, гэмтээсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 зүйлд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, учруулсан 18 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багт 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдэлд тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлсэн тухайн хүүхдийн эцэг болох иргэн “С”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулж, шийдвэрлэжээ.