"18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно"

"18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно"

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн орчинг солих зэрэг хэд хэдэн шат дараатай ажлуудыг хийсэн юм. Гэвч шинжилгээний хариу гараагүйн улмаас тодорхой арга хэмжээ авах, үйл явцыг тодорхойлоход хүндрэл үүсэж буй тул хариуг яаралтай гаргаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.

Эрүүл ахуйн байцаагч нар “Нийтийг хамарсан хордлогын шинж чанаргүй” гэж дүгнэсэн

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-Эхний тохиолдол буюу есдүгээр сарын 21-нд 18 дугаар сургуулиас ирсэн дуудлагын дагуу Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн хоёр баг очиж ажилласан. Тухайн хүүхдүүдэд үзлэг, оношилгоо хийн, шаардлагатай хүүхдүүдийг ЭХЭМҮТ болон дүүргийн Эрүүл мэндийн төв рүү тээвэрлэж, хордлого тайлах зэрэг холбогдох эмчилгээ, үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгсөн юм. Мөн аравдугаар сарын 12-ны 16:44 цагт ахин дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу очиход 15 хүүхэд тодорхой бус хордлогын шалтгаантай байсан бөгөөд ЭХЭМҮТ рүү дөрвөн хүүхдийг тээвэрлэсэн. Дараа өдөр нь ахин гурван хүүхэд нэмэгдэж, нийт долоон хүүхдийг ЭХЭМҮТ-д хэвтүүлэн эмчлүүллээ. Хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдээс дөрөв нь хоёр дахь удаагаа хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдээд буй. Өнөөдрийн байдлаар буюу аравдугаар сарын 16-нд хоёр хүүхдийг эмнэлгээс гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бусад хүүхдийн биеийн байдал тогтвортой байна. Эрүүл ахуйн байцаагч нар “Нийтийг хамарсан хордлогын шинж чанаргүй” гэж дүгнэсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оношилгоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Хүүхдүүдийн хордсон шалтгааныг эцсийн байдлаар шүүх шинжилгээний байгууллага тогтооно хэмээв.

Б.Амартүвшин: Хүүхдүүд хордсонтой холбоотой түрээсийн байранд хичээллэхийг зогсоосон

Нийслэлийн Боловсролын газрын  дарга Б.Амартүвшин:

-Хүүхдүүд хордсон гэх дуудлагын дагуу Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөгөөр ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан, эцэг эхчүүдтэй уулзсан. Манай газрын зүгээс сургалтын орчин, нөхцөл, түрээсийн байртай холбоотой байж болзошгүй гэж үзсэн учраас түрээсийн байранд хичээллэхийг зогсоогоод байгаа. Тодруулбал, Монголын бизнесийн дээд сургуульд 18 дугаар сургуулийн 6-8 дугаар ангийн 720 хүүхэд хичээллэж байсан. Сурагчдын хичээлийг тасалдуулахгүйн тулд үндсэн сургуулийн танхим болон цахим сургалтыг хослуулан үйл ажиллагааг явуулж байгаа. Мөн тус сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж байгаа бөгөөд арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Нийслэлийн Боловсролын газраас өргөтгөлийн барилгыг түргэн, шуурхай бариулахад анхаарч ажиллаж байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын шинжилгээнд үндэслэн хичээл сургалтыг хэрхэх вэ гэдгийг шийднэ гэлээ.

Хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна

18 дугаар сургуулийн хордлого авч, эмнэлэгт хүргэгдсэн сурагчидтай Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас болон дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс сэтгэл зүйчид очиж ажиллажээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий:

-Сэтгэл зүйн нөхцөл байдлын үнэлгээг газар дээр нь хийсэн бөгөөд хүүхдүүд эмнэлгээс гарсныхаа дараа эцэг эхтэйгээ хамтран сэтгэл зүйн зөвлөгөө авахаар болсон. Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлснээр хүүхдүүд цочролд орсон үедээ ямар арга хэмжээ авах, цаашлаад нийгэмтэйгээ хэрхэн харьцах вэ гэдэг мэдээлэлтэй болно. Мөн хүүхдүүдэд өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалах ямар боломж байгааг ойлгуулах зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС