Паркыг ногооруулж, иргэдийг баярлуулна гэсэн Д.Сумьяабазары сүржин ажил гацаж, зардал нь өсчээ

Паркыг ногооруулж, иргэдийг баярлуулна гэсэн Д.Сумьяабазары сүржин ажил гацаж, зардал нь өсчээ

2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Д.Сумъяабазар Ерөнхий сайд асан М.Энхсайхантай хамтарч ажиллахаар урьж байгаагаа илэрхийлж байжээ.  “Бүр тусгайланУлаанбаатар хотын хөгжлийн төлөө, эдийн засгийн төлөө хамтарч ажиллах саналыг тавьж байна" гэж тэр олны өмнө мэдэгдэж байсан гэнэ. Энэ урилгын учиг өнөөдөр тайлагдаж байх шиг байна. М.Энхсайхан нь хотын дарга Д.Сумьяабазарт зөвлөх болсны дараачаас Хүүхдийн паркыг ногооруулах төслийг Рио Тинто Монгол компани санхүүжүүлэхээр болж, төслийг М.Энхсайханы охин Э.Хонгорзул удирдах болсон гэдгийг зарим хэвлэлд дурджээ.

Энэ төслөөр Рио Тинто Монгол ХХК нь Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун хэсэгт Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, 40 мянган мод бүхий тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварлахаар төлөвлөж, 6 сая доллар зарцуулахаар төсөвлөсөн юм. Гэтэл яг одоогийн байдлаар төсөл гацсан, сунжирсан, төсөв 4 сая доллараар өссөн байдалтай байна. Олигтой зүйл бүтээж босгож амжаагүй төслийн өртөг ашиглалтад ороогүй байхдаа л 60 гаруй хувиар өснө гэдэг “хүйтэн гар” дүрэгдсний илэрхий шинж тэмдэг гэж мэдээлэл өгсөн шүгэл үлээгч дурдлаа.

Саяхан огцорсон Д.Сумъяабазар нийслэлийн төсвөөс гадуур сул мөнгө эрэлхийлж, үүндээ М.Энхсайханыг зөвлөхийг гуйсан пм биш биз дээ гэх хардлага нийслэлийн иргэдийн дунд үүсэв бололтой.

Рио Тинто Монгол ХХК-аас мөнгө гуйгаад, захиран зарцуулах эрхийг нь охиндоо өгүүлсэн юм болов уу гэх асуулт урган нарч буй юм. Тэгээд төсвийг өсгөдөг “нарийн аргануудаасаа” зөвлөсөн… ийм дүр зураг л харагдаж байгааг паркыг ногооруулах үйл явц хэлээд байх шиг. Ингэж хэлэх нэг шалтгаан нь төсөвт өртөг 60 хувь өссөнөөс гадна ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр зардлыг олгож, төслийн удирдагчид илт тансаглах болсон гэсэн мэдээлэл байгаа юм.

Засгийн газрын “шүгэл ажиллагааг” хариуцаж байгаа Хууль зүйн дэд сайд Б.Солонго болон АТГ, Рио Тинто ХХК-ийн дотоод аудитад хандаж, Э.Хонгорзул-М.Энхсайхан-Д.Сумъяабазар гэсэн гурвалын үйл ажиллагааг шалгах, нягтлах шаардлагатайг дуулгая.  Нягтлах шалгах ёстой бас нэг хүн бол Рио Тинто ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал байх. Өөрийнх нь шууд удирдлагад ажилладаг ажилтан төсвөө 60 хувиар хэтрүүлээд, сонгон шалгаруулалтгүйгээр мөнгө цацаад явааг гүйцэтгэх удирдлага мэдээгүй, хараагүй гэх нь логикгүй асуудал биз.

Сануулахад М.Энхсайхан сайдын алба хашиж байхдаа дүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй Lexus 570 маркийн хуучин автомашиныг Тавантолгойн төслийн ажлын хэсгийн нэгжид 130 сая төгрөгөөр шахаж байсан гэх хэрэг шүүхээр орж байсан.Илэрхий ашиг сонирхлын зөрчил үүсгэн, 55 сая төгрөгийн хохирлыг "Эрчим хүчний яаманд учруулсан" учир Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг дагадаг байсан бол Д.Сумъяабазар түүнийг нийтийн албанд урих учиргүй байжээ.

 

Төсөвт хохирол учруулдаг хүний охин төсвийг хэтрүүлдэг байх нь хэвийн үү?