Д.АМАРБАЯСГАЛАН:
-Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаа хаагдмал, Засгийн газар шууд өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцох боломжгүй явж ирсэн. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг тус байгууллагатай нягт хамтарч ажиллаад, өөрсдийн дутагдлаа хүлээн зөвшөөрөөд тавьсан шаардлагыг биелүүлэхээр хамтарч ажиллаж эхэлсэн.
2007 онд анх байгуулагдсан, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн допингийн эсрэг байгууллага нь 2022 оны арванхоёрдугаар сард Монгол Улсад ноцтой 11, чухал 8, ерөнхий 2 нийт 21 зөрчлийг арилгах шаардлага ирүүлсэн. Харамсалтай нь эдгээр үүргийг цаг хугацаанд нь бүрэн хангалттай биелүүлж чадаагүйн улмаас Олон улсын допингийн эсрэг байгууллагаас манай Монгол Улсад хязгаарлалт хийх алхмыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад Шанхай хотод болсон Олон улсын допингийн эсрэг хуралд Олимпизм, биеийн тамирын асуудал хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, өөрсдийн санал бодлыг илэрхийлж, гарсан алдаа дутагдлыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр богино хугацаанд засч залруулахаа хэлсэн. Үүний үр дүнгээр ирэх оны нэгдүгээр сарын 22-н хүртэл Монгол допингийн эсрэг үндэсний төвийн хийж хэрэгжүүлэх ноцтой гэсэн таван зөрчлийг арилгах үүрэг өгсөн.
1.Шинжилгээний түүврийн төлөвлөгөөг эрсдлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж, баталгаажуулсан эсэх.
2.Шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд туссан спортын төрлүүд нь спортын тусгай шинжилгээний техникийн баримтад заасан хамгийн доод шаардлагад нийцэж байгаа эсэх.
3.Тамирчны биологийн паспорт дахь цусны шинжилгээний модулыг хэргжүүлсэн эсэх.
4.Шинжилгээний бүртгэлийн сан дахь тамирчдыг жилд гурваас доошгүй удаа шинжлүүлсэн эсэх,.
5.Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лабораторид хүргүүлэн, шинжлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж багаа эсэх.
Эдгээр шаардлагыг хангахын тулд Засгийн газар, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтарч ажиллах шаардлага үүссэн. Энэ нөхцөл байдлыг тухайн байгууллага бас хүлээн зөвшөөрөөд өнөөдрийн байгаа бүтцийн хүрээнд шинэ удирдлагаар нь хурандаа Г.Уугангэрэлийг сонгосон. Хурандаа Г.Уугангэрэл өөрөө спортын холбоодын үйл ажиллагаанд орлцож ирсэн туршлагатай, мөн Монголын допингийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагааг тодорхой мэддэг учраас байгууллагын шинэ бүтэц, зохион байгуулалтыг хийх үүрэгтэй томилогдсон