Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын 2023 оны аравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
 
Хууль батлагдсанаар:
 

-Соёл, боловсрол, спорт, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж бүхий дэд төвүүд шинээр бий болно;
 
-Нийслэл хотын агаар, хөрс, орчны бохирдлын голомт болж байгаа гэр хорооллын бүс болох Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон суужлуулах төслийг эхний ээлжинд эхлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ;
 
-Ингэснээр хүн амын орлогод нийцсэн, ногоон хөгжлийн загварт тохирсон орон сууц нийлүүлэлтийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлж, 19,500 орон сууц шинээр баригдаж, 68,250 хүн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэнэ;
 
-Зайлшгүй орон байраар хангагдах шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг түр орон сууцаар хангадаг тогтолцоог нэвтрүүлнэ;
 
-Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд суурилсан 25,295 ажлын байр шинээр бий болж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ;
 
-Эдгээр дэд төв бий болсноор агаарын бохирдол 22, авто замын түгжрэл 36.3 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоомжид холбогдох өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.