БНСУ-ын Илсан хотын "KINTEX" үзэсгэлэнгийн танхимд аравдугаар сарын 12-14-ний хооронд зохион байгуулагдсан "Олон улсын робот контест-2023" тэмцээнд ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш, доктор С.Баттуяа, Орхон Хасу сургуулийн 6Г ангийн сурагч Х.Билгүүнтөгс нар анх удаа эх орноо төлөөлөн амжилттай оролцсон байна.
Удирдагч багш, доктор С.Баттуяа, сурагч Х.Билгүүнтөгс нар агаарын чөлөөт нислэгийн төрөлд амжилттай оролцсоны зэрэгцээ цаашид ухаалаг технологийг Монголд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, оюутан, залуусыг бүтээлч сэтгэлгээнд сургах дадлага, туршлага хуримтлуулж, тус тэмцээнд ирэх жилүүдэд эх орныхоо оюутан, залуусыг оролцуулах шинэ замыг нээжээ.
Тэрбээр ХААИС-ийн оюутнууд болон тус сургуулийн дэргэдэх лицей сургуулийн сурагчдыг оролцуулахаар ярилцсан ба энэхүү тэмцээнийг Монголдоо зохион байгуулах санал тавьсан байна.
Тэмцээн энэ жил R-BIZ challenge уриан доор ирээдүйн үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулагдсан роботын шинэ технологийг хөгжүүлэх, бизнесийн шинэ загваруудыг нээн илрүүлэх, үнэлэх зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд бага, дунд, ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнууд робот ашиглан янз бүрийн сэдэв, дүрмийн дагуу өрсөлддөг Солонгосын томоохон роботын тэмцээний нэг юм.
Тэмцээнийг БНСУ-ын Худалдаа, үйлдвэрлэлийн яамнаас санаачилж, Роботын үйлдвэрлэлийг дэмжигч агентлаг, Робот үйлдвэрлэгчдийн холбоо гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд Сөүлийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Green Human IT ассоциац, STEAM боловсролын ассоциац зэрэг найман байгууллага хамтран зохион байгуулжээ.