Нүүрсний хулгайн хэрэгт өрөвдүүлэх тактик зохихгүй

Нүүрсний хулгайн хэрэгт өрөвдүүлэх тактик зохихгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүгэл үлээсэн. Үлээсэн шүгэл нь үр дүнд хүрэх эсэхийг энэ өдрүүдэд өрнөх улс төрийн үйл явдлууд харуулах юм. Учир нь нүүрсний гэх тодотголтой Эрдэнэ таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлж байна. 

Шүүх хурал эхлэнгүүт жинхэнэ нүүрсний хулгайчид Ганхуягийг хордууллаа гэсэн утга бүхий мсж-ийг тарааж эхэлжээ. Шүүх танхимд Ганхуяг мөн өөрийнх нь бие муу байгаа. Өөрийгөө цагаадах болно гэсэн утгатай үг хэлж байна. Бие нь муу байгаа гэдгээ ч баримтаар үзүүлж байгаа харагдсан. 

Шүүх хэрхэн шийдэх нь шүүх засаглалын асуудал. Үүнд хөндлөнгөөс шүүгдэгч нар, эсвэл тэдний хамаарал бүхий этгээд, цаашлаад засгийн газар нөлөөлөх эрхгүй. Иймээс элдэв мэдээ мэдээллээр хоёр тал болж талцах ч шаардлага байхгүй юм. 

Гагцхүү иргэдийн хүсэж, бас харж буй зүйл бол үнэхээр нүүрсний хулгайчид хэн байв. Тэд 40 их наяд төгрөгийг туучихсан уу гэдгийг л мэдэхийг хүсэж байна. Ийм ч шаардлагыг Засгийн газарт тавьж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ тэнд хийсэн уулзалт бүрээс лавлаж, асууж буй.