500,000,000 ам долларын өрөө төлчихлөө. Энэ үгийг өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа Монгол Улсын Сангийн Сайд Б.Жавхлан мэдэгдэв.
2022 оны 1 сард 1,8 их наяд төгрөгийн зээл нь чанаргүй болчихсон. Дампуурлаа зарлах дээрээ тулж, Улсаа чирээд унах хэмжээнд очсон тухай мэдэгдлийг Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага, мөн сангийн яам мэдэгдэж байв. Чанаргүй гэж зарлагдсан зээл бүрийн ард хэн нэг улс төрч, эсвэл улс төрд нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий аж ахуйн нэгж байсан нь өнөөдөр ил болжээ. Хөгжлийн банкыг татан унагааж, элгээр нь хэвтрүүлэх гэж байсан эрх мэдэлтнүүдийг өөгшүүлж болохгүй, хариуцлага ярьж, хамаг өр төлбөрөө авах ёстой гэсэн хэвлэл мэдээллийн шахалт, олон нийтийн шаарлага, Засгийн газрын дэмжлэг зэрэг бүрэлдэн тогтсны хүчинд Хөгжлийн банк жил гаруйн дараа чанаргүй гэх ангилалд багтаж байсан зээлүүдээ эргэн төлүүлж, өр төлбөрөө барагдуулах хэмжээнд очжээ.
Сангийн сайд Б.Жавхлангийн мэдэгдсний дагуу өнөөдөр Хөгжлийн банк гадаад өр болох 500,000,000 долларыг өрийг барагдуулав. Энэхүү өрийн дийлэнх нь 2014-2016 оны үеийн Засгийн газрын үед Хөгжлийн банкны тавьсан өр болж байна. Нэг үгээр хэлбэл Ч.Сайханбилэг нарын засгийн газрын үед тавьсан өр, төлбөрийг Л.Оюун-Эрдэнийн баг төлж барагдууллаа гэсэн үг.
2022 оны эхээр Сангийн сайд Б.Жавхлангийн хэлж байсанаар бол Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт өмнөх засгийн газраас өвлөгдөж үлдсэн 6 багц бондын 2,9 тэрбум ам долларын өр байжээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар Гэрэгэ бондын өрийг хойшлуулах хэлбэрээр төлж барагдуулсан. Мөн хөгжлийн банкны гадаад өр төлбөрийг барагдуулж байна. Үүний нэг нь өнөөдөр төлсөн 500 сая ам доллар болж байгаа юм.
Сар гаруйн дараа Самурай бондын өр болох 250 орчим сая ам долларыг төлнө. Энэхүү өрийг бололцоотой аргаар төлж дөнгөнө гэсэн итгэл байгаа тухайгаа сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байна.
Дээр бичсэнчлэн 6 багц бондын 2,9 тэрбум ам долларын өрөө хоёр аргаар төлж барагдуулж буй. Нэг нь төсвөөс шууд төлөх. Нөгөө нь илүү бага хүүтэй, боломжийн хугацаатай зээлээр орлуулан төлөх хэлбэрээр төлбөр төлөх хугацааг хойшлуулах аргыг хэрэглэж байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй энэ Засгийн газар өмнөх Засгийн газруудын тавьсан өрийг төлж барагдуулж буй нь өнөөдрийн 500 сая ам долларын төлбөрөөр харагдаж байна.