Саяхныг хүртэл Сирийн Алеппо хот босогчдын хяналтанд байсан. Тэгвэл өнөөдөр Сирийн туг дахин мандаж, Алеппо хотод 4 жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа дайн дууссаныг тэмдэглэж байна. Алеппо хотыг чөлөөлж, дайны галыг зогсоосон нь Сирийн иргэний дайныг зогсооход том түлхэц болно гэж ажиглагч нар хэлж байгаа. Тийм учраас Алеппогийн дайнд цэг тависан нь ихээхэн ач холбогдолтой юм. Сирийн ерөнхийлөгч Башар Ассад өчигдөр мэдэгдэл хийсэн, энэ мэдэгдлээ бичлэг хийж, олон нийтэд цацсан. Энд, “Алеппог чөлөөлсний дараа бид Сирийн нөхцөл байдал болоод бүсийн, ОУ-ын нөхцөл байдал ялгаатай гэж хэлж чадахгүй. Алеппог чөлөөлсөн нь түүх боллоо. Алеппо цаг хугацааг түүх болголоо” гэж хэлсэн. Одоо Алеппо хотын оршин суугчид гэр орондоо очихоор хүлээж байна. Олон сарын турш засгийн газрыг дэмжигчдийн бөмбөгдөлтөд өртсөн тэр л газарт эргэн ирэхээр хүмүүс цаг тоолж байна. Зарим нь 4 жилийн өмнө орхин дүрвэсэн гэртээ эргэн ирэхийг хүсэж байна. Өчигдөр бас Сирийн мэдээллийн хэрэгслүүдээр, Алеппо хотыг чөлөөлсөн цэргийн амжилтыг ард иргэд хэрхэн тэмдэглэж, ерөнхийлөгч Башар Ассадын зурагт постер болоод Сирийн тугийг өргөж баярлаж байгаа байдлыг харуулж байсан. Хэдийгээр босогчдод бүслэгдсэн Алеппо хот дайнд сүйтгэгдсэн ч энэ хотын баруун хэсгийн зарим газарт амьдрал хэвийн үргэлжилж байна. Алеппо хотоос олон мянган энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Сирийн мэдээллийн хэрэгслээр, 10 түргэн тусламжийн тэрэг, 17 ногоон автобусыг харуулж, эдгээр тээврийн хэрэгслээр хамгийн багадаа 1000 хүнийг тээвэрлэж байгаа гэж мэдээлж байлаа. Оросын батлан хамгаалахын яам, гэмтэж бэртсэн хүмүүс, энгийн иргэд болоод дайчдыг Идлиб мужийн босогчдод бүслэгдсэн газрууд руу нүүлгэн шилжүүлж байсан.