Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Хо Чи Минийн бунханд хүндэтгэл үзүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Хо Чи Минийн бунханд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон гэргийг Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд хүрэлцэн ирэхэд БНСВУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа.

Хөшөөнд цэцэг өргөх үед үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд гашуудлын ая эгшиглэв.

Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөг үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө болон эх орноо хамгаалах үйл хэрэгт эрэлхэг зоригтой тэмцэж, амь эрсэдсэн цэрэг эрсийн алдар гавьяаг мөнхөлж, үүрд санан дурсах зорилгоор босгожээ.

Тус цогцолбор нь 12,000 ам метр бүхий талбайг хамарсан 12,6 метр өндөртэй бөгөөд амь үрэгдсэн баатрыг харуулсан хөшөө юм. Тавцангийн их бие нь дөрвөлжин хэлбэртэй бөгөөд 8,7 метр өндөр, суурь нь 0,9 метр зузаантай. Ойролцоох цэнгэг усны цөөрөм нь 1,255 м2 талбайтай, 1,620 м2 талбай бүхий ногоон байгууламжийг хамарсан байдаг.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Хо Чи Минийн бунханд хүндэтгэл үзүүлэв.

Вьетнамын ард түмний удирдагч Ерөнхийлөгч Хо Чи Минийн бунхан нь Ханой хотын Ба Динь-ий талбайд байрладаг бөгөөд Ерөнхийлөгч Хо Чи Минь 1945 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энэ талбайд бүх нийтийн анхны цуглааныг зохион байгуулж, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс байгуулагдсаныг зарлан тунхагласан.

1973 оны 09 дүгээр сард бунхны барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 1975 оны 06 дугаар сарын 16-нд барьж дуусгаж, мөн оны 08 дугаар сарын 26-нд албан ёсны нээлтийг хийжээ.

Бунхан нь дөрвөлжин хэлбэртэй, хааш хаашаагаа 30 метр өргөнтэй, өндөр нь 21.6 метр бөгөөд 7 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэхээр баригдсан байна. Бунхны нийт талбайн хэмжээ 21,000 метр хавтгай дөрвөлжин болно.