Цалин мөнгө, машин, байр, үнэтэй бүхнээ мөрийтэй тоглоомд алдаж, байдгаа шувтарчихаад толгой гудайж суугаа олон хүн бий. Тэд цахимд байрлах мөрийтэй тоглоомын хохирогч нар.
1ixbet, linebet зэрэг гадаадын аль нэг улсад бүртгэлтэй. Тусгай зөвшөөрөл авдаггүй, татвар огт төлөхгүй. Монгол улсын ямар ч хууль тогтоомжийг мөрдөхгүй ажиллаж байна. Энэ төрлийн тоглоом эрхлэгч нар нь гадаадад хаяг нээж, цахимд суурилсан мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж буй бөгөөд хувь хүний дансаар төлбөр тооцоогоо авч, улсад татвар төлөхгүйгээр маш их хэмжээний мөнгө эргэлдүүлж буй юм.
Цахимд суурилсан мөрийтэй тоглоом зохион байгуулагч нар, түүнд үйлчилж дансаа ашиглуулж буй 200 орчим иргэний талаар хууль хяналтын байгууллага мэдэж байгаа боловч, арга хэмжээ огт авахгүй байна. Учир нь энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж, мөрийтэй тоглоом зохион байгуулж буй нөхдүүдэд үйлчлэх хууль эрх зүйн орчин алга.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө УИХ-аар хэлэлцүүлж буй. Энэхүү хуулийн төсөлд цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулж буй этгээдүүдэд авах хариуцлагын арга хэмжээг чангаруулах шаардлагатай байна. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд эрүүгийн хүнд ял хүлээлгэнэ гэсэн агуулгаар өөрчлөлт өрнөсөн. Үүн дээр нэмээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол мөн л хатуу хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт явж байна. Яг энэ мэт хатуу хариуцлагыг мөрийтэй тоглоомжийг цахимаар зохион байгуулж, иргэдийн эд хөрөнгийг шулж буй этгээдүүдэд үзүүлмээр байна.
Хууль бус казиног цахимд байгуулж 100 гаруй тэрбум төгрөгийг эргэлдүүлж байгаа албан бус мэдээ байна. Энэ төрлийн тоглоом зохион байгуулагч нар өөрсдийн бизнесээ сурталчлах, залуусыг мөрийтэй тоглоомд уруу татахын тулд спорт, урлаг, соёлын үйл ажиллагааг ивээн тэтгэх, түүгээр дамжуулан өөрсдийнхөө үйл ажиллагааг олон нийтэд хүргэж байна. Энэ мэтээр ил цагаандаа гарч, хуульгүй газрын хуудуутай луйвар нь хэрээс хэтэрч, хэчнээн хүн хохирч үлдэх боллоо Б.Энхбаяр сайдаа. Барын зулгыг бага дээр нь гэгчээр мөрийтэй тоглоомчдын бага дээр нь базаж, хуулиар далайлгаж, хуудуутай аргыг нь болиулахгүй бол болохгүй нь ээ.
Цахимд казино ажиллуулж, луйвар хийж, мөнгө олж, улсад татвар төлөхгүйгээр хөрөнгө эргэлдүүлж буй хүмүүс хайр битгий үзүүл. Харин ч эрүүгийн хуулийн хатуу шийтгэл оногдуулаарай.