Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ

Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.11.08 № 2023/ШЦТ/1121

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №08, 2023.11.08

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мөнхбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Жаргалсайхан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Баттулга, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Пунцагбалжир, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Энхтүвшин, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Бүрэнбадрах нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2102003050249 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаарх хүсэлт гаргасныг хүлээн авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08.30 цагт зарлаж шийдвэрлэлээ. 

Тус шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.Жаргалсайхан, Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэргийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 

Шүүгдэгч Т.Мөнхбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Жаргалсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 27.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Баттулгад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Пунцагбалжирт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч П.Энхтүвшин, Т.Бүрэнбадрах нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.   

 

Тоймыг бичсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар