Өчигдрийн түгжрэлд цаг агаар, галт тэрэгний хөдөлгөөн, зам тээврийн осол нөлөөлсөн гэв
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд үүссэн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Таван шарын гармыг 5 цаг 31 минут хааж, галт тэрэг нэвтрүүлсэн
"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:
-Цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн. Мөн галт тэрэг явсан, замын хөдөлгөөнд саад учирсантай холбоотойгоор ачаалал нэмэгдлээ. Таван шарын уулзварын 396 дугаар гармаар арваннэгдүгээр сарын байдлаар өдөрт 29, шөнөдөө 21, дунджаар 50 удаа галт тэрэг явдаг. Өчигдрийн байдлаар тус гармаар 24 цагийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 8-ны 08:00 цагаас 9-ны 08:00 цаг хүртэл 24 цагийн хугацаанд суудлын галт тэрэг зургаан удаа явж, 42 минут зам хаасан. Мөн ачааны галт тэрэг 21 удаа явж, 189 минут хөдөлгөөн хаасан бол дан зүтгүүр 20 удаа явж, 100 минут хөдөлгөөнийг хаасан. Нийт 47 удаа галт тэрэг нэвтэрсэн гэсэн үг. Ажлын цагаар буюу 08:00-22:00 цагийн хооронд 28 галт тэрэг явж өнгөрсөн. Мөн 16:20 цагаас 16:40 цаг хүртэл 20 минут гарам хааж цэвэрлэгээ хийсэн. Дунджаар 331 минут буюу 5 цаг 31 минут Энхтайваны өргөн чөлөөтэй огтлолцож байгаа Таван шарын гармыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож, галт тэрэг нэвтрүүлсэн.
Гол гудамж, замуудад нөлөөлөх зам тээврийн 12 осол гарсан. Энэ нь нийт 78 минут хөдөлгөөнд саад учруулсан байгаа юм. Замын хөдөлгөөний саад зургаан удаа гарсан нь 124 минут хөдөлгөөн зогсоход хүргэсэн. Нийтийн тээврийн хэрэгсэл долоон удаа зогссон нь хоёр цаг хөдөлгөөнд саад учрууллаа. Эдгээр нь нийт 5 цаг 23 минут замын хөдөлгөөнд саад учруулсан гэсэн үг. Түүнчлэн өчигдөр 07:00 цагаас 23:00 цагийн хооронд Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний ачаалалтай 182 цэгт 572 алба хаагч 68 автомашинтай үүрэг гүйцэтгэсэн. Мөн ЗХУТ-ийн 12 албан хаагч 24 цагийн хугацаанд 62 уулзварын гэрлэн дохионд 3974 удаагийн хөдөлгөөн зохицуулалт хийсэн.
Багшийн дээдийн уулзварт цагдаагийн машин зохиомол түгжрэл үүсгэсэн гэх ташаа мэдээлэл цахим орчинд гарсан. Энхтайваны өргөн чөлөөний зүүнээс баруун чиглэсэн хөдөлгөөнд түгжрэл 16:00 цагаас хойш үүссэнээс бусад туслах зам бүрэн зогсож, хөдөлгөөн хязгаарлагдсан. Иймээс холбогдох хуульд заасны дагуу замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг өөрчилж, хөдөлгөөн зохион байгуулалт хийсэн. Хөдөлгөөн арваннэгдүгээр сарын 9-ний 00:12 цагт хэвийн болсон гэлээ.
Зам тээврийн 438 ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн
ТЦА-ны ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэн:
-Өчигдрийн тухайд Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжинд ачааны автомашины түлш тасалдсаны улмаас 1 цаг 30 минут эвдэрч зогссон бол Хан-Уул дүүргийн ХААИС-ийн зүүн талд мөн ачааны автомашин араандаа орохгүйгээс үүдэн 40 минут зогссон. Иймд түгжрэл үүсэн, замын хөдөлгөөнд саад учирсан байгаа. Хэрэв суудлын автомашин ийн зогссон бол зөөж, шилжүүлэх байсан. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн тохиолдолд чирэгч автомашины тусламжтайгаар хөдөлгөөн зохицуулах боломжтой. Харин ачааны автомашин эвдэрсэн тохиолдолд зөөж, шилжүүлэх тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод байхгүй.
Өчигдөр 24 цагийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод зам тээврийн нийт 438 ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Өвлийн улиралд зам тээврийн ослын гол шалтгаан нь халтиргаатай зам байдаг. Энэ үед дөрвөн улирлын болон зуны дугуйтай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо зогсоох арга хэмжээ авахад оройтох хандлагатай. Үүнээс шалтгаалж өчигдөр хөдөлгөөн зохицуулж буй цагдаагийн албан хаагчийн араас мөргөсөн тохиолдол хэд хэд гарсан.
Төв шуудангийн уулзвар нь гол гогцооны уулзвар учир гурван талаасаа ачаалал авдаг. Өчигдрийн тухайд ХААИС-ийн уулзварын хөдөлгөөнд саад учирсан тул Энхтайваны өргөн чөлөө хоёр талдаа хураагдчихаж байгаа юм. Иймд хөдөлгөөн зохицуулж буй алба хаагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд Багшийн дээдийн уулзвар болон Зүүн дөрвөн замд хөдөлгөөн задлах арга хэмжээ авсан.
Судалгаагаар Улаанбаатар хотод 110 мянган тээврийн хэрэгсэл нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцвол 25 болон түүнээс дээш км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцох бололцоотой гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх бүрд хөдөлгөөнд оролцож буй хурд багасна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 400 мянган тээврийн хэрэгсэл нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцвол тэг зогсолт болно. Мөн ачааны машин зогссонтой холбогдуулан бид ачааны автомашиныг тодорхой цагуудад хязгаарлах саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Энхжингийн гарамд автомат ажиллагаатай хаалт ажиллаж байгаа. Мөн гармын хойно хоёр, урд нэг, нийт гурван тээврийн цагдаагийн албан хаагч ажиллаж буй. Тухайн гарам дээр 1000 метрээс дээш толгой болон зүтгүүр ойртон ирэхэд автомат гарам хаагдаж байх ёстой. Гэтэл жолооч нар хааж, нээх хугацааг нь хүлээлгүйгээр дүрэм зөрчин нэвтэрснээр мөн л хөдөлгөөн саатсан.
Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчид хоёр ээлжээр тасралтгүй хөдөлгөөн зохион байгуулалт хийн ажиллалаа хэмээн ярилаа.