В.Адъяа: “Эрчим хүчний II” төслийн үр дүнд цахилгаан хангамж сайжирч, хүчдэлийн уналтгүй болно
Орхон аймгийн хэмжээнд цахилгаан хангамж, хүчдэлийн уналтыг хэвийн болгох чиглэлээр хийж хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний талаар “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК ийн захирал В.Адъяа Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэл хийлээ.
Орхон аймаг, Эрдэнэт хот гурван цахилгааны хуваарилах байгууламжаар тэжээгддэг. Тодруулбал, ЦРП-9 дэд станцаар Говил, Баянцагаан багийн хэрэглэгчид тэжээгддэг бол 35/6 кВ-ын Өмнөд болон хороолол дэд станцаар гэр хорооллын хэрэглэгчдийн тал хувь, ЦРП-8 дэд станцаар Дэнж, 4,5 дугаар микрийн хэрэглэгчид тэжээгддэг.
2023 онд хүчдэлийн уналттай айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд гэр хорооллын алслагдсан Яргуйт, Их залуу, Шанд баг тус бүр дээр арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 100 орчим айл өрхийн цахилгааны хүчдэл хэвийн болжээ.
Үүнд,
- Шанд багийн АТП-280 дэд станцын хойд гаргалгаанд фаз нэмж татаж, 12 айлын хүчдэл хэвийн болов.
- Яргуйт багт АТП-282 дэд станцын зүүн хойд гаргалгаанд фаз нэмж татаж, 15 айл, өрхийн хүчдэл хэвийн болов.
- Их залуу багт АТП-501 дэд станцын зүүн гаргалгаанд фаз нэмж татаж, 16 айлын хүчдэл хэвийн болов.
- Яргуйт багт АТП-511 дэд станцын зүүн хойд гаргалгаанаас тэжээлтэй Яргуйт баг 34-р гудамжны 28 айл өрхийн хүчдэлийг хэвийн болов.
Мөн хүчдэлийн уналттай Эрдэнэ багийн 6/0.4 кВ-ын АТП-10 дэд станцын урд хэсэгт 0.4, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 6/0.4 кВ-ын дэд станц барьж цахилгаан хангамжийг сайжруулсан. Уг дэд станц ашиглалтад орсноор алслагдсан багийн 81 хэрэглэгчийн цахилгаан хангамж сайжирч хэвийн хүчдэлээр хангажээ.
Дэлхийн банкны санхүүжилтээр “Эрчим хүчний 2” төсөл хэрэгжиж буй. Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийн 0,4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл өргөтгөлийн ажил бүрэн хэрэгжиж дууссаны дараа цахилгаан хангамж бүрэн сайжирна гэж мэргэжлийн байгууллагаас хэллээ.
Уг төсөл ирэх гуравдугаар сард дуусах бөгөөд төслийн хүрээнд 6/0,4 кВ-ын есөн дэд станцыг барина. “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас нэг станцыг нь өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулж хүчдэл залгасан. Ингэснээр шинээр баригдсан станцад хүчдэлийн уналттай 71 хэрэглэгчийг холбожээ.
Мөн төслийн хүрээнд хийгдэж буй нэг ажил нь гэр хорооллын 14484 хэрэглэгчийн тоолуурыг ухаалаг тоолуураар солих. Өнөөдрийн байдлаар 5940 тоолуур суурилуулж, 244 тоолуурыг ашиглалтад оруулан ашиглаж байна. Их залуу багийн урд хэсэг, Яргуйт багийн Толгодын хэсгийн хэрэглэгчдийг 6/0,4 кВ-ын АТП-288 дэд станцын төслийн ажил бүрэн дуусчээ. Айл өрхийн оруулгын кабелийн утас нарийн байгаа нь хүчдэл унах нэг нөхцөл болж байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлэв. Нарийн утсаар оруулга хийснээс шалтгаалан 29 айл өрхийн хүчдэл унажээ.
2023 онд Эрчим хүчний төслийн ажилтай уялдуулан хүчдэлийн уналттай газруудад 10 км СИП утас татаж өргөтгөл хийх, схемийн өөрчлөлт хийх, дэд станц нэмж барих ажлууд хийхээр төлөвлөсөн байна.
Одоогийн байдлаар 3,5 км СИП утас татаж, 2 иж бүрэн дэд станц бариад байгаа юм. Үлдсэн 6,5 км утас татах ажлыг иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийн дагуу арваннэгдүгээр сард хийж дуусгахаар төлөвлөжээ. Орон нутгийн санхүүжилтээр 35 кВ-ын тойрог схем үүсгэх 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын ТЭЗҮ-г боловсруулж байгаа бол 6 кВ-ын тойрог схем үүсгэх 6 кВ-ын кабель болон цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын ТЭЗҮ-г ЭБЦТС ТӨХК –ийн санхүүжилтээр хийсэн.
Цагаанчулуут багт баригдах 6 кВ-ын хуваарилах байгууламж барих ажлыг 2024 оны төлөвлөгөөнд тусгахаар саналаа хүргүүлсэн гэлээ.