“Шунхлай” шатахуун түгээх станцын газрыг чөлөөлж дууслаа

“Шунхлай” шатахуун түгээх станцын газрыг чөлөөлж дууслаа

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж байна.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд Дунд гол дагуу байрлаж байсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулган, газар чөлөөлж дууслаа.

Тус газар чөлөөлөлтийн ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу аравдугаар сарын 27-нд эхлүүлж, буулгалтыг “Баттөгс Жонон” компани гүйцэтгэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Нийслэлийн зүгээс “Шунхлай трейдинг” ХХК-тай харилцан тохиролцож, албадан бус харилцан ойлголцсоны үндсэн дээр газар чөлөөлж дууслаа. Улаанбаатар хот дундуур урсаж буй Сэлбэ, Дунд голын голдиролд барьсан барилга, байгууламжууд нь үерийн эрсдэл болон байгаль орчин талаас олон асуудал дагуулсан. Иймд өмнө нь олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, харилцан тохиролцож газар чөлөөлөх ажлуудбн эхнийх нь хэрэгжиж, өнөөдөр бүрэн дууслаа. Чөлөөлсөн газрыг нийтийн эзэмшлийн газар болгон, ногоон байгууламж, авто зогсоол байгуулах зэргээр орчинтой нь уялдуулан тохижуулж, үерийн байгууламж хийнэ" гэлээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа "Мэргэжлийн компанитай гэрээ байгуулан, үйл явцад холбогдох байгууллагууд хяналт тавьж буулгалтыг хийж, гүйцэтгэн, үерийн барилга байгууламжийн хэлбэржүүллээ. Цаг агаар хүйтэрсэн учраас дулааны улирал болмогц үерийн барилга, байгууламжийг бэхжүүлэн, далан барьж эхэлнэ. Өнгөрсөн зуны их хэмжээний борооны улмаас үерийн 4 км орчим барилга байгууламж сэтэрч, урссан. Үүнийг үе шаттайгаар шийдвэрлэж байна" гэв.