Улсын хэмжээнд 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянга байхаар тогтоолоо
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөн тогтоож байхаар заасан.
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын тодорхойлсноор “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” нь цалин хөлсний хуваарилалтын хамгийн доод хэсэгт байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ юм.
Монгол Улсын “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль’’-д “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар юм гэж тодорхойлсон байдаг.