Хонины махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна

Хонины махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Исламын Бүгд Найрамдах Иран улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Мохсен Бахтиар болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Хоёр орон хагас зуун жилийн дипломат харилцааны түүхтэй улс билээ.

Уулзалтын эхэнд сайд Х.Болорчулуун хэлэхдээ “Хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Манай улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн аль ч оронтой хамтран ажиллахад бэлэн. Хөдөө аж ахуй тэр дундаа, мах махан бүтээгдэхүүн, түүхий эдийн асар өндөр нөөцтэй. Сүүлийн жилүүдэд манай улс махны экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Судалгаанаас харахад, 2023 оны 11 дүгээр сарын байдлаар Исламын Бүгд Найрамдах Иран улс руу 5.3 мянган тонн халал аргаар бэлтгэсэн хонины шинэ мах экспортод гаргаад байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Түүнчлэн монгол хонь бэлчээрийн ургамал сонгож иддэг тул махны амт, чанар дэлхийд дээгүүрт тооцогддог” гэж онцолсон юм.

Иран улс нь 19 сая хүн амтай, эдийн засгийн хувьд томоохон зах зээл эргэлддэг тул мах, махан бүтээгдэхүүнээс гадна хөдөө аж ахуйн гаралтай бусад түүхий эд нэн шаардлагатай байгаа. Мөн Иран улсаас Монгол Улс руу органик хатаасан жимс, жимсгэнэ их хэмжээгээр импортлоход дэмжлэг үзүүлэн ажиллана гэж Элчин сайд Мохсен Бахтиар хэллээ.