Үзэгч та хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа эсвэл хүүхэддээ шинэ жилийн бэлэг авахдаа чанарыг шаардлага хангасан эсэхийг нь шалгадаг уу. Үгүй бол шалгах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага сануулж байна. Учир нь хүүхдийн багцалсан бэлгэнд шаардлага хангахгүй бараа борлуулагдаж байгааг тэд анхааруулах боллоо. Шинэ жилийн баяраар хүүхдэд зориулан савлагдсан бэлэгний худалдаа гардаг. Чихэр жимс амттан, тоглоом зэргийг багцалж боогоод хүүхдийн бэлэг болгон зардаг. Гэвч багцалсан бэлэг дунд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хийж ашиг олох гэсэн атгаг санаатан олширч байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна. Багцалж боосон учир бүтээгдэхүүний хугацаа чанарыг агкаарч харалгүйгээр иргэд худалдан авдаг. Үүний улмаас хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирч байгаа юм. Ийм бэлэгний улмаас хордлогонд орж эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Иймээс эцэг эхчүүдийг хүүхдээ багцалж савласан бэлэг сонгохдоо доторх бүтээгдэхүүнийх нь эрүүл ахуйн чанар, хугацаа зэргийг нь заавал нягтлан харж байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Хүүхдээ баярлуулах гэсэн биш харин ч эрсдэлд орохыг хэн ч хүсэхгүй. Гэтэл дэлгүүр, лангуу ажиллуулж байгаа бизнес эрхлэгч нэртэй ашиг олохын төлөө нүдээ ухахаас буцахгүй болсон өчүүхэн хувалз зантай хүмүүсийн балгаар таны, миний хүүхэд эрүүл мэнд, бүр цаашлаад амь насаараа хохирч болзошгүй эрсдэлтэй нүүр тулж мэдэхээр байна. Иймээс атгаг санаатны ашгийн төлөөх өчүүхэн бодлынх нь золиос болохгүйн тулд та багцалсан бэлэгнээс сонголт хийх бол заавал шалгаж байгаарай.