Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өдрүүд улам л хурцадмал шинжтэй болж ирлээ. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нарын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Твиттер, Файсбүүкийг ашиглан нэг нэгнийхээ нэр төр, алдар хүндэд халдах гэсэн мухайрлал бүхий сурталчилгааг явуулсаар байна. Ингэж хийлээ гээд М.Энхболдыг дэмжигч цөөрөхгүй. Тэгж дайрлаа гээд Х.Баттулгыг сонгох сонгогч саналаасаа буцна гэдэгт итгэх хэсэг тун цөөхөн. Монголчуудын дийлэнх нь хэн нь бодлоготой, хэн нь хэрэгжүүлэх чадамжтай гэдгийг нь харах ухаантай болчихсон.
2016 оны сонгуулийн үр дүнг харах уу? Нийслэл Улаанбаатар хотод Э.Бат-Үүлийн баг ажил хийсэн. Тавьсан зам, өнгө үзэмж нэмэгдүүлсэн зэргийг хэн хүнгүй л хүлээн зөвшөөрч байлаа. Харин яг сонголт дээрээ бол МАН-д өгчихсөн. Шалтгаан ердөө л нэг л эвээ олохгүй яваа АН-ын алдааг дэнсэлсэн хэрэг. ЯГ үүнтэй ижилхэн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 18-аас дээш насныхан аль эрт сонголтоо хийчихсэн биз.
60 тэрбумын бичлэг, хужаа болгох гэсэн мухайрлал, 200 хүний толгой тастах сүрдүүлэг, оффшор данс, дүр эсгэсэн эх оронч гэх мэт сэдвээр хэн ч хэнийгээ харлууллаа гээд хэн нэгний сонголт өөрчлөгдөхөд бэрх. Үүнийг дахин дахин тунгаах цаг болчихжээ. Харин үүнийхээ оронд энэ мөнгөө нэг ч гэсэн сайн үйлсэд зарцуулчих. Түүнийгээ түмэн олонд өнөөх сонгуулийнхаа цагаар хүргэчих юм бол харин бодит ажил болж, эерэг бүхэнд автах хүсэлтэй хэсэг бүлэгт нөлөөлж мэдэх юм.
Сайн үйлс гэхээр хэн нэгэн ядарсан хүнд хоол авч өгөх бус, хэн нэгэн айлын хашаа байшинг засч өгөх зэргээр битгий сэтгээрэй. Харин Ерөнхийлөгчийн бодлого, зангарагийн хүрээнд шийдэл, хэрэгжүүлэлт гэж хараасай билээ.