Ноён уулын олдворуудыг эх орондоо буцаан авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсжээ

Ноён уулын олдворуудыг эх орондоо буцаан авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсжээ

 ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэсарын 16-18-ны өдөр зохион байгуулсан соёлын IX нэгдсэн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, ОХУ-ын Соёлын сайд О.Любимова нар албан ёсны уулзалт хийжээ.

 

Уулзалтын үеэр Ч.Номин сайд хоёр орны соёлын харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг дурдаад, Оросын нэрт археологич П.К.Козлов 1920-иод оны дундуур Судар бичгийн хүрээлэнтэй байгуулсан гэрээгээр шинжлэн судлаад, Монголын талд эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр Орос руу авч гарсан Ноён уулын олдворуудыг эх орондоо буцаан авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Мөн Ноён уулын өвийн асуудлыг судлах хоёр орны эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах саналтай ирснээ мэдэгджээ.

 

Соёлын сайд Ч.Номин үндэсний  соёлын үнэт өвийг эх нутагт нь буцаан авчрах тухай Монгол Улсын Засгийн газрын албан ёсны байр суурийг Санкт-Петербург хотын Эрмитаж музейн захирал М.Пиотровскийтой уулзахдаа болон П.К.Козловын удирдсан судалгааны баг Ноён ууланд малтлагын ажил эхлүүлсний 100 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож хэлсэн үгэндээ илэрхийлсэн байна. 

 

Тэгвэл ОХУ-ын Соёлын сайд О.Любимова ажлын хэсэг байгуулах Монголын талын хүсэлтийг тус улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад хэргийн яаманд танилцуулан  холбогдох чиглэл, дэмжлэг авч судлан үзэхээр тогтсон байна.

 

Тэрбээр ярихдаа, “Монгол, Оросын хамтын ажиллагаа тайзны урлаг, бүтээлч боловсрол, музей зэрэг соёлын олон салбарт амжилттай хөгжиж байна. ОХУ-ын Эрмитаж музей, Монгол Улсын Чингис хаан үндэсний музейтэй соёлын өвийг судлах асуудлаар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичгийг энэ онд байгуулсан. Мөн “С.Рахманинов-Би Оросын хөгжмийн зохиолч” хөгжмийн музейн үзэсгэлэнгУлаанбаатар дахь “Русский дом”-д дэлгэсэн. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалж буй Н.Рерихийн “Агуу морьтон” уран зургийг Москва хот дахь Дорно дахины музейн “Майдар бурхны ертөнц” үзэсгэлэнд дэлгэн тавих хүсэлтэй байна” гэжээ.

 

Уулзалтын төгсгөлд Монгол, Оросын Соёлын сайд нар тайзны урлаг зэрэг хамтын ажиллагааны ирээдүйтэй салбарын талаар ярилцаж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэхийн зэрэгцээ 2024 онд зохион байгуулах үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.